1. Хэргийн оролцогчийн эрх, үүрэг
Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь 45 хоног буюу харьцангуй богино хугацаанд хэргийг нэг шүүх хуралдаанаар шийдвэрлэх тухай журам үйчлэх тул цаг алдалгүй эрхээ ойлгон хэрэгжүүлэх, үүргээ биелүүлэх нь чухал нөлөөтэйг анхаарна уу.
Хэргийн оролцогчийн нийтлэг эрх, үүргийг эдлэх бөгөөд нийтлэг эрх, үүргийг ИХШХШтХ-ийн 25, 26, 38 дугаар зүйлээс дэлгэрүүлэн танилцана уу. /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль/
Та “Эрх, үүргийн маягт”-ыг татах бол ЭНД дарна уу.
2. Нэхэмжлэл, хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх, давж заалдах гомдол гаргахтай холбоотой эрх, үүрэг
- Нэхэмжлэгч нь иргэний хэрэг үүсгэснээс хойш 5 хоногийн дотор нэхэмжлэлийн үндэслэлийн хүрээнд нэг удаа нэхэмжлэлээ нэмэгдүүлэх эрхтэй.
- Хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор хариу тайлбар, нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй.
- Хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардан авснаас хойш 7 хоногийн дотор сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй.
- Шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй. Уг хугацаанд давж заалдах журмаар гомдол гаргаагүй бол анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болно.
Та “Эрх, үүргийн маягт”-ыг татах бол ЭНД дарна уу.
3. Шүүхээс хэргийн оролцогчтой харилцахтай холбоотой эрх, үүрэг, үүсэх үр дагавар
- Хэргийн оролцогч нь шүүх хуралдаанд товлосон цагт хүрэлцэн ирэх, шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй. Хэрэв шүүх хуралдаанд нэхэмжлэгч ирээгүй бол түүний эзгүйд шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг шийдвэрлэхгүй буцаах, хариуцагч ирээгүй бол түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх үр дагавартай.
- Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаяг /оршин суугаа хаяг, утасны дугаар, цахим хаяг/-аа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлж, хэргийн оролцогчийн хамт амьдардаг насанд хүрсэн иргэн, эсхүл сум баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд буюу ажлын газрынх нь захиргаанд хүлээлгэн өгч гарын үсэг зуруулна.
- Хэргийн оролцогч мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас татгалзвал энэ тухай мэдэгдэх хуудсанд тэмдэглэж шүүхэд буцаана. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэхэд саад болохгүй.
- Шүүх мэдэгдэх хуудсыг улсын бүртгэлийн байгууллагаас тодруулж ирүүлсэн хариуцагчийн хаягаар хүргүүлсэн боловч хариуцагч тухайн хаягт оршин суудаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй бол иргэн, хуулийн этгээдтэй төрийн байгууллагаас харилцах төрийн мэдээллийн нэгдсэн системийн иргэний, эсхүл хуулийн этгээдийн хувьд түүнийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээдийн бүртгэлийн дугаар бүхий цахим шуудангийн хаягаар мэдэгдэх хуудсыг илгээнэ.
Та “Эрх, үүргийн тайлбарын маягт”-ыг татах бол ЭНД дарна уу.
4. Нотлох баримт гаргах, бүрдүүлэх, нотолгооны процесс
- Хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй.
- Эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх эрхтэй. Хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох эрхтэй.
- Хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох эрхтэй.
- Нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр орон нутагт байгаа учраас өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрч оролцуулах талаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа, хариуцагч нь хариу тайлбар гаргамагц шүүхэд гаргах эрхтэй.
- Тайлбар, нотлох баримтыг шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй бол шүүх хүлээн авахаас татгалзах эрхтэй тул нотлох баримтыг шүүх хуралдаанаас өмнө шүүхэд гаргахыг анхаарна уу.
- Хэргийн оролцогч та өмгөөлөгчөөс эрх зүйн туслалаа авах, шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох эрхтэй.
- Та “Эрх, үүргийн тайлбарын маягт”-ыг татах бол ЭНД дарна уу.