Захирамжийн дугаар: 2022.06.06-ны өдрийн 182/ШЗ2022/07616
Хүчин төгөлдөр болсон.
Банк иргэн Т-ээс зээлийн өр нэхэмжилж шүүхэд хандсан ба шүүх хариуцагчийг шүүхэд ирүүлэх мэдэгдэх хуудсыг Т-ийн хаягаар хүргүүлэхэд тус хаягт оршин сууж буй хүн мэдэгдэх хуудсыг гардаж аваад Т-г 3 жилийн өмнө Пакистан улс руу явсныг мэдэгдсэн.
Банк нь Хил хамгаалах ерөнхий газраас иргэн Т-г улсын хилээр гарсан, орсон талаарх баримтыг гаргуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан ба энэ баримт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой байж болох баримт, нөгөө талаас энэ баримтыг банк өөрөө олж авах боломжгүй гэж үзэн шүүх хүсэлтийг хүлээн авч, Хил хамгаалах ерөнхий газраас дээрх баримтыг гаргуулахаар шийдвэрлэсэн.
Хил хамгаалах ерөнхий газрын албан тушаалтан шүүхийн шаардлагыг биелүүлэх үүрэгтэй ба хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээлгэхийг, мөн захирамжид гомдол гаргах эрхгүйг шүүгч захирамждаа зааж мэдэгдсэн.
Санамж:
Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Тойм бэлтгэсэн: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн
анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Буд