Шийдвэрийн огноо, дугаар: 2022.08.17, 181/ШШ2022/01821
Шийдвэрийн төлөв: хүчин төгөлдөр болсон.
Тойм: 2023.03.31, шийдвэр №6,
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Иргэн Эрдэнээ ажлаасаа үндэслэлгүй халагдсан гэж үзээд “О” компанид холбогдуулан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч “О” компани нь “...Эрдэнээг ажлаас халаагүй, чөлөө олгох журмын дагуу цалингүй чөлөө олгосон, Эрдэнээ өөрийн албан тушаалыг урвуулан ашиглаж компанид их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргасан.
“О” компанийн 2020.08.20-ны өдрийн “Ажлаас түр чөлөөлөх тухай мэдэгдэл”-д “...Эрдэнээг 2020 оны 08 сарын 20-ны өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар буюу дахин мэдэгдэх хүртэл ажлаас түр чөлөөлж, “О” компанийн “Чөлөө олгох журам”-ын 16.3.3-т заасны дагуу цалин хөлс олгогдохгүй болно” гэж заасан байх тул шүүх уг мэдэгдлээр ажил олгогч хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон байна гэж үзэв.
Хэрэгт авагдсан баримтаар, “О” компани нь Эрдэнээг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж компанид хохирол учруулсан гэж Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан, уг гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа бөгөөд Эрдэнээг гэрчээр асуусан болох нь тогтоогдсон.
Хөдөлмөрийн тухай хуульд, “... эрх бүхий байгууллага шаардсан бол ажилтны тухайн ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлж, цалин хөлс олгохыг зогсооно” гэж заасан.
Шүүх хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагаас ажилтаны ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлээгүй байхад “О” компани ажилтныг ажлаас түр чөлөөлж, “Чөлөө олгох журам”-ыг баримтлан цалин хөлс олгохгүй байхаар шийдвэрлэсэн нь ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн, ажлаас түр чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн Эрдэнээг ажилд нь эгүүлэн тогтоож, “О” компаниас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 507,0 сая төгрөгийг гаргуулж Эрдэнээд олгож, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, баталгаажуулахыг “О” компанид даалгаж шийдвэрлэжээ.
Шийдвэрийг бүтнээр нь үзэх холбоос: https://shuukh.mn/single_case/125872?daterange=2022-08-01%20-%202022-12-02&id=1&court_cat=1&bb=1
Тойм бэлтгэсэн: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул.