Шийдвэрийн дугаар: 2022.07.25-ны өдрийн 182/ШШ2022/02307
Шийдвэрийн тойм №3, 2023.03.03
Шийдвэрийн төлөв: Шийдвэр хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Иргэн М нь шүүхэд хандаж, өөрийн ажиллаж байсан компанид холбогдуулан, “… урьд эрхэлж байсан албан тушаал болох Дотоод хяналтын ахлах ажилтны ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, өөр ажилд шилжүүлэн томилсны улмаас үүссэн цалингийн зөрүү 1,850,202 төгрөгийг гаргуулах, энэ зөрүүгээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нэрийн дансанд цалингийн зөрүүгээр нөхөн төлөлт хийхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэл гаргасан, хариуцагч компани нь “… компанийн ТУЗ-өөс шинэ бүтэц баталсан, зарим ажилтнуудыг өөр ажилд сэлгэн ажиллуулах асуудал яригдсан, мөн нэг ажлын байран дээр удаан ажилласнаас үүсч болох зүй бус гаднын нөлөөллөөс урьдчилан сэргийлэх зорилгоор өөр ажилд томилсон… тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж маргажээ.
Хариуцагчийн тайлбартаа дурдсан “компанид бүтцийн өөрчлөлт хийж шинээр орон тоо бий болсон”, “зарим ажилнуудыг өөр ажилд сэлгэн ажиллуулах болсон” гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоогүй, харин ажил олгогч нь ажилтан М-ийн албан тушаал, цалин хөлсийг нь бууруулан өөр ажилд сэлгэн ажиллуулсан болох нь тогтоогдсон.
Тодруулбал, ажил олгогч нь ажилтантай тохиролцоогүй бол ажилтныг албан тушаал, цалин хөлсийг бууруулж сэлгэн ажиллуулахыг хуулиар хориглодог бөгөөд ажилтан М-нь тус компанийн Дотоод хяналтын албаны ахлахын албан тушаалд УА-1 шатлалын дагуу сарын 1,700,000 төгрөгийн үндсэн цалинтай ажиллаж байгаад өөр албанд Данс мэдээлэл, засварлалт, тусгаарлалт хариуцсан ажилтнаар томилогдож, АА-5 шатлалаар 1,250,000 төгрөгөөр цалинжих болж, цалин хөлс нь 450,000 төгрөгөөр буурсан байна.
Шүүхээс ажил олгогчийг Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журмыг тус тус зөрчсөн, ажилтантай өөр ажилд сэлгэн ажиллуулахаар тохиролцоогүй, байгууллагын бүтэц өөрчлөгдөөгүй байна гэж үзэж М-ийг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоож, өөр ажилд шилжүүлэн томилсоны улмаас үүссэн цалингийн зөрүү 1,894,285 төгрөгийг ажил олгогчоос гаргуулж, энэ зөрүүгээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөлт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.
Шийдвэрийг бүтнээр нь үзэх холбоос:
httpshttps://shuukh.mn/single_case/123150?daterange=2022-07-24%20-%202022-07-26&id=1&court_cat=1&bb=1,
Тоймыг бэлтгэсэн: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа