blog

Шийдвэрийн дугаар: 2022.08.05. 182/ШШ2022/02436

Шийдвэрийн төлөв: хүчин төгөлдөр болсон

2022.12.30. Шийдвэр- тойм

Гэм хор учруулсны төлбөрийг гэм буруутай

этгээдээс гаргуулах эрхтэй

Иргэн Б-гээс “… иргэн Н-ийн гэм буруутай үйлдлийн улмаас өөрийн нөхөр А нас барсан тул иргэн Н-ээс бага насны 2 хүүхэд болон өөртөө тэжээгчээ алдсаны тэтгэмж гаргуулна” гэж шүүхэд хандсан, хариуцагчаас “ … эрүүгийн хэргийн шүүх хуралдааны явцад 12 сая төгрөгийг өгсөн, одоо 4 сая төгрөгийг шүүхийн шийдвэрийн дагуу төлнө, харин талийгаач А нь ажил хөдөлмөр эрхэлдэг байсан нь нотлогдоогүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар, хариуцагч Н нь иргэн А-г авто машинаар дайрч, амь насыг хохироосон гэм буруутай болох нь шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон, талийгаач А нас барахаасаа өмнө эхнэр болон 2 нас, 6 настай хоёр охины хамт амьдарч байжээ.

Гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хүний асрамжид байсан хөдөлмөрийн чадваргүй хүмүүс, түүнийг нас барсны дараа төрсөн хүүхэд, түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэг нь авах эрхтэй талаар хуулиар зохицуулж өгсөн.

Иймд, талийгаач А-ийн бага насны 2 хүүхэд, мөн бага насны хүүхдүүдээ асрамжилсаны улмаас байнгын цалин орлогогүй эхнэр Б нь гэм буруутай этгээд болох Н-ээс төлбөр гаргуулах эрхтэй гэж шүүх үзэв.

Талийгаач А-г нас барахаасаа өмнө ажил хөдөлмөр эрхэлж байсан гэж үзэж, Н-ээс гаргуулах төлбөрийн хэмжээг тогтоохдоо нас барагчийн олж байсан нэг сарын цалин хөлс, орлогын дунджаас өөрт нь оногдох хэсгийг хасаж, үлдэх дүнг гэм хор учруулсны төлбөрт тооцон хуваахаар, энэ дүнгээс улсаас олгогдож буй тэжээгчээ алдсаны тэтгэвэрийг хасч, үлдсэнийг 3 хүнд хувааж, хоёр хүүхдийг 16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл гэм хор учруулсны төлбөрийг тогтоож, харин эхнэр Б-д нь бага хүүхдийг найман нас хүртэл гэм хор учруулсны төлбөрийг тооцож, Н-ээс гаргуулж олгохоор шийдвэрлэсэн.

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Шийдвэрийг бүрэн эхээр үзэх холбоос:

https://www.shuukh.mn/single_case/120804?daterange=2022-01-01%20-%202022-12-29&id=1&court_cat=1&bb=1

Тойм бэлтгэсэн: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны

шүүхийн шүүгч Ц.Наранчимэг

Шэйр:
site-logo