Захирамжийн дугаар: 2022.06.08-ны 181/ШЗ2022/07946,
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
2022.08.25, процесс – тойм: дугаар 1
Иргэн Очоос Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан “үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг тус газрын байршиж буй нутаг дэвсгэрийн харъяаллаар буюу Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхэд ирүүлсэн хүсэлтэд "...манай газар нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу Очоос төлбөр гаргуулах ажиллагаа явуулж байгаа тул хуульд заасан харъяаллын дагуу хэргийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж өгнө үү” гэснийг шүүх хянаад хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хуульд зааснаар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тогтоосон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг тухайн төлбөр гаргуулах шийдвэрийг гаргасан шүүх хянан шийдвэрлэхээр шүүхийн харъяаллыг тусгайлан тогтоосон, нэхэмжлэлийг өөр шүүхэд гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийг хүлээн авахдаа шүүхийн харъяалал зөрчсөн нь тогтоогдвол хэргийг харъяалах шүүхэд нь шүүгчийн захирамжаар шилжүүлдэг.
Иймд, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд үүсгэсэн, иргэн Очийн “үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлтэй иргэний хэргийг түүнээс төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж шийдвэрлэв.
Санамж: Тойм нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.
Тойм бэлтгэсэн: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн
анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа.