Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газартай “Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо” ТББ хамтран ажиллах тухай гэрээ байгуулав

Нийтэлсэн: Ж.Баттулга  Ангилал: Medee-medeelel  Огноо: 2018-02-06;

ХЭВЛЭХ

2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газартай “Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо” ТББ-аас сонсголгүй болон сонсголын бэрхшээлтэй иргэдэд дохионы хэлний хэлмэрчийн болон орчуулагчийн үйлчилгээ үзүүлэхэд хамтран ажиллах тухай гэрээ байгуулж, гэрээг баталгаажуулж Тамгын газрын дарга Д.Болор, тус ТББ-ын тэргүүн Л.Соёлмаа нар гарын үсэг зурлаа. Тухайн уулзалтанд Тамгын газрын дарга Д.Болор, хэргийн хөдөлгөөний 3-р хэлтсийн дарга Б.Энхсайхан, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Энхтуяа, “Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо” ТББ-ын тэргүүн Л.Соёлмаа, менежер Э.Болорчимэг, “Сонсголгүйн боловсрол” ТББ-ын тэргүүн А.Баасанжав нар оролцов.

“Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо” ТББ-нь 2011 онд байгуулагдсан бөгөөд Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамны зөвшөөрлөөр сонсголгүй болон сонсголын бэрхшээлтэй иргэдэд дохионы хэлний хэлмэрчийн болон орчуулагчийн үйлчилгээ үзүүлэхэд тусламж үзүүлэх үйл ажиллагаа явуулдаг цорын ганц байгууллага юм. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сонсголын бэрхшээлтэй иргэдэд хэлмэрчлэхэд орчуулагч олдохгүй, тэдгээр иргэдийн шүүхэд өөрийгөө мэдүүлэх эрх нь хангагдахгүй хохирох зэрэг аль аль талдаа хүндрэл бэрхшээлтэй асуудал тулгардаг. Иймд тухайн гэрээ байгуулснаар хүндрэл бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэх, сонсголын бэрхшээлтэй иргэдийг хууль эрх зүйн мэдээллээр хангах, сургалт явуулах, шүүхийн үйлчилгээг үзүүлэх зэрэг нөхцөл бүрдлээ. Мөн төлөвлөгөөнд тусгагдснаар сонсгол, хэл яриа, харааны бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад холбогдох хуулиудыг сурталчлах, уулзалт зохион байгуулах, шүүхийн үйлчилгээг хүргэх зэргээр хамтарч ажиллах ач холбогдолтой уулзалт болж өндөрлөв.

{calendar}